Ши Жиньпин Монгол Улсын Ерөнхийлөгч Хүрэлсүхтэй уулзав

2023-10-19 15:00

2023 оны 10-р сарын 19-ний өглөө БНХАУ-ын удирдагч Ши Жиньпин гурав дахь удаагийн "Бүс ба Зам" олон улсын хамтын ажиллагааны дээд хэмжээний чуулга уулзалтад оролцохоор БНХАУ-д хүрэлцэн ирсэн Монгол Улсын Ерөнхийлөгч Хүрэлсүхийг Ардын Их Хурлын ордонд хүлээн авч уулзав.

Ши Жиньпин хэлэхдээ, Монгол бол "Бүс ба зам"-ыг хамтран байгуулах байгалийн хамтрагч, "Бүс ба зам" санаачилгыг анхлан дэмжсэн орнуудын нэг юм. Өнгөрсөн 10 жилийн хугацаанд хоёр тал хөгжлийн стратегиа гүнзгийрүүлэн уялдуулж, худалдаа хөрөнгө оруулалт, харилцаа холбоо, иргэдийн амьжиргааг дэмжих төслүүдийн хамтын ажиллагааны хүрээнд таатай үр дүнд хүрсэн. “Бүс ба зам” санаачилгыг хамтран бүтээн байгуулах нь Монгол Улсын “Талын зам” хөгжлийн стратегийн хооронд өргөн хүрээний хамтын ажиллагааны орон зайг бий болгосон. Монгол Улс Европ, Азийг холбосон газарзүйн нөхцөлдөө тулгуурлан "Бүс ба Зам"-ын хамтын бүтээн байгуулалтад илүү их үүрэг гүйцэтгэнэ гэж найдаж байгаагаа илэрхийллээ.

Ши Жиньпин хэлэхдээ, Хятад улс Монгол Улстай хамтран ажиллахдаа, тусгаар тогтнол, бүрэн эрх, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг хүндэтгэж, язгуур ашиг сонирхлоо хамгаалахад харилцан дэмжиж, хоёр орны хувь заяаны хамтын нийгэмлэгийн бат бэх суурийг бий болгоход бэлэн байгаагаа онцоллоо. Хятад улс Монгол улс эдийн засгаа сэргээх, холбогдох боомтуудын бүтээн байгуулалтыг эмх цэгцтэй сайжруулах, хоёр орны харилцаа холбооны шинэ сувгийг нээхэд урьдын адил тусалсаар байх болно. Хятад, Монголын хамтарсан Цөлжилтөөс урьдчилан сэргийлэх төв байгуулагдсан, Хятадын тал Монголын “Нэг тэрбум мод” төслийг үргэлжлүүлэн дэмжиж, экологийн соёл иргэншлийг цогцлоон байгуулахад гар нийлэхэд бэлэн байна. Хятадын тал Хятад, Монгол, Орос гурван талт хамтын ажиллагааг өргөжүүлэн, гурван орны эдийн засгийн коридорын бүтээн байгуулалтыг тууштай хөгжүүлэхэд бэлэн байна. 

Хүрэлсүх, Хятад улс гурав дахь удаа "Бүс ба зам" олон улсын хамтын ажиллагааны дээд хэмжээний чуулга уулзалтыг  амжилттай зохион байгуулж байгаад баяр хүргэж, энэхүү форумын үр дүн нь НҮБ-ын тогтвортой хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэхэд өндөр ач холбогдолтой бөгөөд дэлхийн эдийн засгийн өсөлтөд шинэ хүчтэй түлхэц үзүүлэх болно гэдгийг онцлов. Монгол Улс БНХАУ-тай харилцаагаа хөгжүүлэх нь гадаад бодлогын тэргүүн чиглэл юм. Ирэх онд Монгол Улс, БНХАУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 75 жил, Ши Жиньпин дарга Монгол Улсад айлчилсны 10 жил, хоёр улсын хооронд иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа тогтоосны 10 жилийн ой тохиож байна. Монгол Улс Хятад улстай дээд түвшний харилцаа холбоогоо бэхжүүлж, харилцан хүндэтгэж, харилцан дэмжиж, эдийн засаг худалдаа, харилцаа холболт, ашигт малтмал эрчим хүч, цөлжилтөөс урьдчилан сэргийлэх, ногоон хөгжил болон бусад салбарын хамтын ажиллагааг ахиулж, иргэд хоорондын харилцааг эрчимжүүлэхэд бэлэн байгаагаа илэрхийлэв. Монгол Улс Хятад улсын дэлхийн энх тайван, тогтвортой байдлыг хангахад гүйцэтгэсэн чухал үүргийг өндрөөр үнэлж, Ши Жиньпин даргын дэвшүүлсэн Дэлхийн хөгжлийн санаачилга, Дэлхийн аюулгүй байдлын санаачилга, Дэлхийн соёлын санаачилгыг дэмжиж байгаагаа илэрхийлэв. Монгол Улс Монгол, Хятад, Орос гурван талт хамтын ажиллагааг бэхжүүлэхийг чухалчлан үзэж, Хятад улстай олон талт салбар дахь хамтын ажиллагаагаа эрчимжүүлэхэд бэлэн байгаагаа илэрхийлэв.

Хоёр улсын төрийн тэргүүн нар хил дамнасан төмөр зам, ногоон нүүрстөрөгчийн хий бага ялгаруулах, дижитал эдийн засаг зэрэг хоёр талын хамтын ажиллагааны хэд хэдэн баримт бичигт гарын үсэг зурсныг гэрчлэв.