МонголEnglish中文
Элчин сайд Шин Хаймин Хятад, Монголын дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойн "Бидний мэдэх хийгээд эс мэдэх Хятад, Монголын найрамдал" гэрэл зургийн цомгийн нээлтийн ёслолд хэлсэн үг
2019/01/09

Монгол Улсын Шадар сайд Эрхэмсэг ноён Ө.Энхтүвшин,

Хятад судлаач Эрхэмсэг ноён Х.Баатархүү болон хүрэлцэн ирсэн хүндэт зочид, хатагтай, ноёд, найз нөхөд өө

Та бүхний энэ өдрийн амар амгаланг эрье.

2019 оны босгон дээр Хятад, Монголын найрамдлын төлөө хичээл зүтгэл гарган ажилладаг бүхий л салбарын нөхөд та бүхэнтэй хоёр улсын дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойгоо хамтдаа угтаж “Бидний мэдэх хийгээд эс мэдэх Хятад, Монголын найрамдал” гэрэл зургийн цомгийн нээлтэд оролцож буйдаа баяртай байна. Миний бие БНХАУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны нэрийн өмнөөс хоёр улсын харилцаанд өндөр ач холбогдол өгч энэхүү арга хэмжээг зохион байгуулахад дэмжлэг үзүүлсэн Монгол Улсын Засгийн газар, ГХЯ, бусад холбогдох байгууллагуудад мөн хүрэлцэн ирсэн бүх найз нөхдөд гүн талархал илэрхийлье. “Бидний мэдэх хийгээд эс мэдэх Хятад, Монголын найрамдал” зургийн цомог албан ёсоор хэвлэгдэн гарч, үзэсгэлэнг амжилттай зохион байгуулж буйд баяр хүргэе.

Хятад Улс Ши Жиньпингийн шинэ эрин үеийн Хятадын онцлогт социализмын үзэл баримтлалын дагуу Хятадын үндэсний их сэргэн мандалт болон “Хоёр 100 жил”-ийн зорилтоо биелүүлэхээр зоригтойгоор урагшилсаар байна. Өөрчлөлт, нээлттэй байдлын бодлого хэрэгжүүлсэн 40 жилд Хятад улс нь өөрийн нөхцөл байдалд тохирсон хөгжлийн замаар явж хүн бүхэнд тодорхой харагдах амжилтад хүрч дэлхийн хөгжилд чухал хувь нэмрээ оруулж чадсан. Энэ явцад Хятад, Монголын харилцаанд ихээхэн амжилт гарчээ. Эдгээрээс дурьдвал, 2014 онд БНХАУ-ын дарга Ши Жиньпин Монгол Улсад түүхэн айлчлал хийж хоёр улсын харилцааг иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааны шинэ эрин рүү хөгжүүлж, хоёр улсын өндөр дээд түвшний харилцаа тогтмолжиж, улс төрийн харилцан итгэлцэл тасралтгүй бэхжиж, эдийн засгийн хамтын ажиллагаа өдрөөс өдөр гүнзгийрч, хүмүүнлэгийн солилцоо улам бүр идэвхжлээ. “Нэг бүс нэг зам” санаачилга болон “Хөгжлийн зам” стратегийн уялдаа бэхжихийг дагаад хоёр улсын бүх салбарын хамтын ажиллагаа хоёр улсын ард түмэнд бодит үр өгөөжийг хүртээсээр байна.

Хятад, Монгол хоёр улс 4710 км-ийн хилийн шугамтай. Энэ бол хоёр улсын ард түмний нөхөрлөлийн байгалийн холбоос. Өнө эртний түүхийн явцад талууд бат бөх найрамдлыг тогтоож өдгөө харилцан түшилцдэг, хамтдаа хөгждөг сайн хөрш, сайн найз, сайн түншүүд болжээ. Манай хоёр улсын харилцааны хөгжил Монголын ард түмэнд үр өгөөжтэй байж, Хятадын хөгжилд энх тайван, тогтвортой олон улсын орчинг бүрдүүллээ. Хятад, Монголын дипломат харилцаа тогтоосон 70 жилд хэдий ээдрээ бэрхшээлтэй байсан ч нөхөрсөг хамтын ажиллагаа ямагт тэргүүнд байсан. Цаашид ч улам бүр сайн сайхан байна гэдэгт итгэдэг. Шадар сайд ноён Ө.Энхтүвшин надад гардуулсан шүлэг “Их Хятадын ард түмэнд зориулсан ерөөл” нэртэй, шүлгийн агуулга миний сэтгэлийг ихэд бүр ч илүү хөдөлгөсөн юм. БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын хувьд би үргэлжлүүлэн хичээж ажиллаж тэмдэглэлт арга хэмжээнүүдийг сайн зохион байгуулах болно. БНХАУ-ын ЭСЯ хоёр улсын харилцааны хөгжилд илүү их хувь нэмэр, хичээл зүтгэл оруулж Хятад, Монголын нөхөрлөлийг илүү өндөр гаргахад бэлэн байна

Усыг нь уувал ундаргыг нь бүү март гэдэг сайхан үг байдаг. Одоо хоёр улсын харилцааны хөгжил маш таатай хандлагатай байна. Энэ нь манай хоёр улсын нийтлэг баримталдаг найрсаг хөршийн бодлогын ач тус бөгөөд хоёр улсын ард түмний найрсаг хамтын ажиллагааны үр дүн мөн. Ноён Х.Баатархүүгийн бичиж нийтлүүлсэн “Бидний мэдэх хийгээд эс мэдэх Хятад, Монголын найрамдал” гэрэл зургийн цомог бол маш ховор нандин гэрэл зураг, түүхэн материалыг үндэслэн хоёр улс дипломат харилцаа тогтоосноос хойш өнөөг хүртэлх Хятадын талаас Монголын хөгжилд оруулсан хичээл зүтгэлийг та бидэнд дэлгэн харуулж байгаа юм. Тухайлбал уг зургийн цомогт тусгасан БНХАУ-ын буцалтгүй тусламжаар Монгол Улсад хэрэгжүүлсэн төслүүд нь Монгол Улсын бүх орон нутаг, олон салбарт хэрэгжсэн. Эдгээр төслүүд, бүтээн байгуулалтууд зөвхөн Монгол Улсын хөгжилд чухал хүч болсон төдийгүй хоёр улсын найрамдлын түүхийн ул мөр болсон билээ. Бид энэ бүхнийгээ мөнхөд нандигнан хайрлах ёстой.

2019 онд Хятад, Монголын дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ой тохиож байна. Талууд энэхүү түүхийн шинэ гараанаас хамтдаа хичээн ажиллаж түүхээсээ эрч хүч авч, түүхийн энэ сайхан дурсамж, найрамдлаа үеэс үед уламжлуулж хоёр улсын харилцааны хөгжлөө тасралтгүй илүү өндөрт гаргана гэдэгт би бат итгэлтэй байдаг. Энэ удаагийн гэрэл зургийн цомгийн нээлтээр 70 жилийн ойн баярыг тэмдэглэх цуврал арга хэмжээний жаврыг үргээж, Хятад Монголын найрамдлыг шинэ түвшинд ахиулна гэдэгт итгэлтэй байна.

Хүндэт найз нөхөд та бүхэнд дахин талархал илэрхийлж, энэ удаагийн арга хэмжээнд мөн амжилт хүсье.

Хятад, Монголын найрамдал өнө мөнхөд орших болтугай.

Suggest To A Friend:   
Print